Өлзий Шарав
Төрсөн: 1896.01.01 · Булган аймаг Могод сум
Өлзийн Шарав буюу хүрэл Шарав заан
Өлзий Шарав 1896 онд Түшээт хан аймгийн Баруун гүний хошуу нутаг төрсөн. Тэр үеийн хилийн цэсээр бол Бишрэлт гүний хошуу нутаг Угалзын уул хүртэл байшрын бүрд орчим нутаг энэ хошуунд харьяалагдаж байсан тул одоогийн Сайхан, Могодынхон хүрэл Шарав гуайг манай бөх гэж булаацалддаг ном товхимолд бичдэг, ярьдаг нь аль алиных нь буруу биш. Учир нь хуучин нутгийн цэсээр Могодынх, сүүлд тогтоогдсон цэсээр Сайхан сумынх болжож байгаа юм. Өлзийн Шарав буюу хүрэл Шарав гуайг нутгийнхан «охин» Шарав гэдэг байсан, биеэр намхан, зузаан бахимхан биетэй хүн байсан. Зарим номонд тухайлбал Б.Батсүхийн номонд 180 см өндөр гэж бичсэн нь ташаарсан байна. Тэр Шарав бол Дамдины Шарав заан буюу Луузын Шарав мөн. Ө.Шарав заан 1926 оны барилдаанд Эдийн засгийн зөвлөлийн нэрийн өмнөөс босч тавын даваанд Хан Тайшир уулын аймгийн Дагвыг өвдөг шороодуулан, зургаагийн даваанд Өвөрхангай мээтэн хэмээх Аюурт унажээ. Ө.Шарав 1927 онд Улсын наадамд барилдсан 960 бөхөөс долоо давж, наймд үлдэж Улсын заан цол хүртсэн байна.
Тэр үеийн бөхчүүдийн хурдан, түргэн барилддаг, их сайхан гараа дэвээтэй, одоогийн бөхчүүдтэй адил шаваа сайхан хийдэг, хоёр талдаа хүчтэй хаалад суйлдаг, ер нь гар цээжиндээ их чадалтай хүн байжээ. Баруун гүний хошууны нэг наадамд Сэлэнгийн Боохой Данзан, Архангайн улаан хүзүү Дэлэг арслан нарыг дарааллан хонгодож хаяж байсан гэдэг. 1961-1962 оны үед Улсын баяр наадмаар Могод суманд ахмад бөхчүүдийн барилдаан болоход ахмадуудаас хүрэл Шарав, улаан Шарав заан, Бат начин, бараан Жанцан нар үлдэж, хүрэл Шарав гуай, Бат начинг амлаж авсан. Бат начингийн мөр мултарчихаад Хүрэл Шарав гуай хаяж байсан. Хүрэл Шарав гуайг бараан Жанцан гуай (энэ гурваас хамгийн залуу нь байсан) хаяж түрүүлж байсан. Улаан Шарав гуай чухам залуу л явсан болоосой гээд их л хөхөрч байж билээ. Тэрээр Улсын баяр наадамд ихэвчлэн бүр хожмоо ч гэсэн нутгаасаа мориор явж, хот орж барилддаг байсан гэдэг. Наадам болохоос 7-8 хоногийн өмнө гараад л ирж барилдчихаад буцдаг байсан ба зам зуураа хаана хэний хэнд хонохоо ч сайтар бодон цаад айлууд нь хүлээж байгаад сайхан амруулж, хооллож цайлаад явуулдаг байжээ.
