Булган аймаг, Могод сум

Могод сум

МОГОД СУМ

БУЛГАН АЙМАГ · МОНГОЛ УЛС

МэдээЭдийн засагТүүхХүмүүсАялал жуулчлал
Сумын тухай

Сүрэн Оюунчимэг

Зохиолч, яруу найрагч
Эрхт баг

Төрсөн: 1955.01.01 · Булган аймаг Могод сум

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

С.Оюунчимэг нь 1955 онд Могодын Хүрэн дэнжид Сүрэнгийн ууган охин болж төржээ. Тэрээр бага, дунд сургуулийг, Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр сум, Булган хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд суралцаж дүүргэсэн. С.Оюунчимэг нь сурагч ахуй цагтаа “Уран од” уран зохиолын дугуйланд идэвхтэй суралцаж, МХЗЭ-ийн 16 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, МХЗЭ-ийн 50 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ. МУИС-ийг 1973-78 онд суралцан, хуульч мэргэжил эзэмшсэн.

С.Оюунчимэг 1978-1986 онд Сүхбаатар районы АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч, 1986-1990 онд МАХН-ын Төв Хорооны Намын байгууллагын хэлтэст нарийн бичгийн дарга, 1991-1999 онуудад МҮЭ-ийн холбооны хэвлэлийн нэгдсэн редакцид “Оюун далай” сэтгүүлийн эрхлэгч, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газарт “Байгаль орчин мэдээлэл, сурталчилгаа” төслийн менежер, “Уяхан замбуу тив” сэтгүүлийн эрхлэгч, УИХ дахь МАХН-ын бүлгийн хэвлэл, мэдээллийн ажилтан, МҮЭ-ийн Холбоонд “Хөдөлмөр” сонины эрхлэгч, 2000 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн Хэвлэлийн албанд улс төрийн ажилтан, 2010 оны 11 дүгээр сараас Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт ХМОНХХ-ийн улс төрийн ажилтнаар ажиллаж байна.

Монголын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн, Монголын Үндэсний чөлөөт Зохиолчдын Холбооны гишүүн хүн. С.Оюунчимэг дууны яруу найргаар дагнан

“Талын монгол айл” (хөгжмийг Л.Балхжав), “Хан шувуу” (хөгжмийг М.Булган), “Ханжаргалант минь” (хөгжмийг Н.Жанцанноров), “Гэргий минь” (хөгжмийг Г.Эрдэнэбаатар), “Нуурнаасаа төөрсөн ангир” (хөгжмийг Т.Сэр-Од), “Сэтгэлийн булаг”, “Дэлхий аргадax ижий” зэрэг 100 гаруй дууны уран бүтээлийг олон түмний хүртээл болгожээ. Улмаар бие даасан уран бүтээлийн тоглолтоо 3 удаа хийж тайлан тавьжээ. С.Оюунчимэг анхны ном “Цайны дээж” шүлгийн түүвэр, 2000 онд “Талын монгол айл” дууны шүлгийн түүвэр, 2003 онд “Талын монгол аялгуу” төгөлдөр хуурт зориулсан 21 бүтээлийн түүвэр, 2006 онд “Нарны зүг” яруу найргийн түүвэр, “Бурхадад өгөх дууны зул” дууны намтартай бүтээл, “Замба тивийн наран дор” эссэ, өгүүллэгүүдээ хэвлүүлжээ.

2010 онд “Алтан хааны нутгаар” нийтлэл, аян замын тэмдэглэл, шүлэг, хөрөг бичлэгтэй ном олон гаргасан байна. Түүний дууны уран бүтээл “Алтан намар” хөгжмийн “Морин хуур” наадам, хайрын дууны “Хонгор зул” наадам, “Цагаан лавайн эгшиг” концертод дуулагджээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Тэргүүн аялгуу” теле концерт, “Шүтээн” нэвтрүүлгүүдэд орж, уран бүтээлийн фондод хадгалагдсан байна. Улмаар Буриадын Ардын жүжигчин Дугар Дашавеын дуулснаар “Үнэрлэж өгсөн аав минь” бүтээл нь Эрхүүгийн театрын урын санд, Өвөрлөгч дуучин Цэцэгмаагийн дуулснаар “Талын монгол айл” дууны бүтээл нь ӨМӨЗО-ны радио, телевизийн урын санд хадгалагдаж байна.

С.Оюунчимэгийн “Хан шувуу” дуу нь морин хуурын наадамд 2-р байр, “Сэтгэлийн булаг” дуу нь “Хонгор зул” наадамд тэргүүн байр, Гранпри шагнал, бусад олон дуу нь шалгарч байжээ. С.Удвалын унаган шавь С.Оюунчимэг нь Монголын эмэгтэй яруу найрагчдын дотроос мэргэжлийн дуучдын ур чадварыг шалгасан, өөрийн гэсэн өвөрмөц хийц, өнгө донжийг үзүүлж, монголын уламжлалт аж төрөл, ахуй, байгаль, хүмүүс зохицон оршихыг номлодгоороо өнөө ч эрэлттэй, утга чанараа үзүүлсээр байна. Төр, засаг түүний хөдөлмөрийг үнэлж, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, МҮЧЗЭХ-ны шагнал, Соёлын тэргүүний ажилтан, Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан зэрэг шагнал хүртжээ.

Шагнал, албан тушаал, бүтээл, ярилцлага

Шагнал

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

2021.02.01

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Энэ хуудас танд хэр таалагдав?