Равдан Жүгдэр
Төрсөн: 1925.01.10 · Булган аймаг Могод сум
Могод сумын 2-р багийн нутаг Орхоны Цагаанчуулууны хаваржаанд төрсөн. Бага наснаасаа эхлэн насан өөд болтлоо мал маллаж, малын төлөө амь бие хайрлалгүй зүтгэж, малчдаа зориулж алдраа мандуулсан малчин. Алдарт хоньчин баатар З.Очирын туршлагаар ажиллаж мал таргалуулах арга ухааныг сайн эзэмшсэн хүн.
Тэрбээр сумын 7 удаагийн, аймгийн 4 удаагийн аварга малчин, улсын аварга малчин болсон. Түүний туршлагаар олон залуу малчин ажиллаж амжилтад хүрсэн. 1973 онд 8 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож 1976 онд МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцож явжээ. Р.Жүгдэрийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медаль, “Бид ялав” медалиар шагнажээ.
