Нямжав Содномдорж
Эдийн засагч
Төрсөн: 1950.01.05 · Булган аймаг Могод сум
Н.Содномдорж 1950 онд Булган аймгийн Могод суманд төрсөн. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
Тэрээр 1968–1975 онд МУИС-ийн эдийн засгийн салбарыг дүүргэж, 1969–1972 онд хугацаат цэргийн алба хааж, 1986–1988 онд МУИС-ийн аспирантур төгсөж, 1998 онд АНУ-ын Юта мужийн улсын коллежийн удирдах ажилтны дээд курс, 1995–1998 онд Данийн “Модуль I–III” арга зүйн багшийн сургалт тус тус төгссөн.
Эдийн засгийн ухааны (хөдөлмөрийн эдийн засгийн) доктор, профессор, Хүмүүнлэгийн ухааны академийн академич, Чингис хааны Дэлхийн академийн академич.
Н.Содномдорж 1975–1993 онд МУИС-д багш, ЭЗХ-ийн орлогч захирал, МУИС-ийн эрдэм шинжилгээ, аспирантурын эрхлэгч, 1993–2000 онд МУЗ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийг байгуулалцаж, захирлаар нь ажилласан. 2000–2004 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. 1992–1996 онд Монгол улсын Хөдөлмөрийн яам, Монгол улсын хүн амын бодлого, Хөдөлмөрийн яамны сайдын зөвлөлийн гишүүн, 1998–2000 онд ЭМНХЭ-ийн хөдөлмөрийн ерөнхий зөвлөх, 2000–2004 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Тэрээр “Ажиллах хүчний өртөгтсөн нөхөн үйлдвэрлэл, төлөвлөлт” (1984), “Монгол улсын төлөвлөгөөт хөгжил” (1985), “Монгол улсын хөдөлмөрийн нөхцөлийн төлөвлөлтийн арга зүйн асуудлууд” орос хэл дээр (1988), Эрхүүгийн УАА-н дээд сургуулийн сурах бичиг “Монгол улсын хөдөлмөрийн нөөц” (Иркутск-1990 он орос хэл дээр), “Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг” их, дээд сургуулийн эдийн засгийн салбарын оюутнуудад зориулсан анхны сурах бичиг (2000), “Төрийн түшээ эмхэтгэл” (2002), “Ярилцлагаас өөрийгөө танихуй” (2004) зэрэг 12 бие даасан номыг бичиж хэвлүүлсэн.
Н.Содномдорж 1996 онд Норвегийн Хүүхдийг ивээх сангийн “Хүүхдийн хөдөлмөр”, 1997 онд ОУХБ-ын “Хүүхдийн хөдөлмөрийн эрх зүй”, 1999 онд НҮБ-ын хөгжлийг ивээх сангийн “Монголын хүний хөгжлийн илтгэл-1999” зэрэг олон улсын төслүүдийн хэсгийн ахлагч, удирдагч, менежерээр ажиллаж 1991 онд Хөдөлмөрийн яамны шинжлэх бүтээлийн уралдаанд “Үр ашигтай хөдөлмөр эрхлэлт” сэдвээр тэргүүн байр эзэлж, 1992 онд Засгийн газрын 106 дугаар тогтоолоор батлагдсан “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал”-ын эрдэмтдийн хэсгийн ахлагчаар ажилласан.
УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа 2000–2004 онд хөдөлмөрийн хүний төлөө, хөдөлмөрийн харилцааг зохицуулахтай холбогдсон “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай”, “Биеийн тамир, спортын тухай” хуулиудыг шинээр, “Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” зэрэг 12 хуулийг өөрөө санаачилсан буюу ажлын хэсгийг нь ахалж УИХ-аар батлуулсан ба 24 хууль боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан.
Н.Содномдорж 1982–1987 онд МУИС-ийн эдийн засгийн факультетийн ҮЭ-ийн хорооны дарга, 1996–2000 онд Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан. МҮЭ-үүдийн холбооны үйл ажиллагааг дэмжсэн болон Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтөд МҮЭ-ийн саналыг бүрэн оруулсан тухай ҮЭ-ийн үйл ажиллагааны дүгнэлтээр “Хувийн амьдрал”, “ҮЭ-Шинэ зуун”, “Хөдөлмөр” зэрэг сонин, сэтгүүлд хэвлэгдэн олон түмэнд хүргэсэн.
Н.Содномдорж “Монголын үйлдвэрчний эвлэлийн 50 жилийн ойн хүндэт тэмдэг”, МҮЭ-үүдийн холбооны “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтай.
Н.Содномдорж нь “Алтан гадас” одон, Монголын Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медалиар шагнагдаж, Ардын боловсролын болон Хөдөлмөр, нийгэм хамгааллын Монголын биеийн тамир, спортын, Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан, Боловсролын спортын мастер, Монгол улсын шүүгч цолтой, “Эх орондоо улс төрч” (2003), “Шилдэг эдийн засгийн сайд” (2004), “Ард түмэнд итгэл төрүүлсэн шийдэл шилдэг 99 улс төрчийн нэг” (2004) өргөмжлөл тус тус хүртсэн байна.
Шагнал, албан тушаал, бүтээл, ярилцлага
Шагнал
Монгол улсын Гавьяат багш
2022.02.02
Монгол улсын Гавьяат багш
