Жамба Чимэд
Төрсөн: 1937.01.01 · Булган аймаг Могод сум
Улсын аварга малчин Жамбын Чимэд
Жамбын Чимэд 1937 онд Могод сумын нутаг Хулжийн адагт төржээ. Сумын бага сургуульд суралцаж төгссөн. 1956 онд Могод сумын “Оч” нэгдэлд элсэж орж хоньчин болжээ. Тэрээр мал аж ахуйн уган баатар, алдарт хоньчин З.Очир гуайн туршлагаар ажиллаж, отор нүүдэл хийж малдаа дээд зэргийн тарга хүч авахуулж байсан нь түүний амжилтын гол үндэс болсон байна.
Ийнхүү аварга хоньчин Ж.Чимэд 15 жил 100 эхээс 100 ба түүнээс дээш төл бойжуулж, хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороогоо засаж сэлбэх ажлыг суурийн хүчээр хийж, ашиг шимийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг тогтмол давуулан биелүүлж, он удаан жил уйгагүй хөдөлмөрлөж тогтвортой амжилт гаргасан учир 5, 6, 7 таван жилийн гавшгайч болж, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 2 удаа болон ойн медалиудаар шагнагдаж улсын аварга болсон төдийгүй аймгийн аварга малчнаар 4, сумын аваргаар 8 удаа шалгарсны дээр аймгийн АДХ-ын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XIX, ХАА-н нэгдэлчдийн IV их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ.
Одоогоор төрөлх сумынхаа малчдаас түүний хүрсэн хөдөлмөрийн тогтвортой дээд амжилт нь хамгийн өндөр үзүүлэлт хэвээр хадгалагдсаар буй.
