Булган аймаг, Могод сум

Могод сум

МОГОД СУМ

БУЛГАН АЙМАГ · МОНГОЛ УЛС

МэдээЭдийн засагТүүхХүмүүсАялал жуулчлал
Сумын тухай

Долгор Загдаа

Үндэсний бөх Тамирчин
Баясгалант баг

Төрсөн: 1950.01.01 · Булган аймаг Могод сум

Монгол Улсын начин Долгорын Загдаа

1950 онд Могод сум, 2-р багийн нутаг Бага хайрханы өвөр буюу Хулжийн голын эхэнд малчин ард Бумын Долгориын хүү мэндэлсэн нь Загдаа байжээ. Тэрээр 1958 онд сумынхаа бага сургуульд орж 4 жил дарааллан онц сурсан сурлага сайтай, их сэргэлэн цовоо, чанга дуутай, гар хатуугтай хүүхэд байв. Нэг ангид хамт сурч байсан үеийнхэн нь өвөл ч гэсэн толгой нь дандаа уур савсаж явдаг хүү байсан.

Зэргэлдээ Хишиг-Өндөр сумын 7 жилийн дунд сургуулийн 5-р ангид 1962 оны намар очоод хөл нь хүндээр өвдсөн тул сургуулиас гарч аав ээждээ туслан малчин болсон байна. Сумын наадамд хэд хэдэн удаа түрүүлж, 1970 онд аймгийн төвд шилжин сууж, аймгийн цагдан сэргийлэх хэлтэст ажиллан, улс аймгийн цолтой бөхчүүдтэй барилдах болжээ. Залуухан бөх Загдаа 1971 онд Булган аймгийн наадамд барилдаж аймгийн арслан “Дэгээ” хэмээх Батчулуунтай үлдэж, түүнийг хаяж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. 1972 онд мөн аймгийн наадамд Батчулуунтай үлдэж түрүүлсэн.

1973 онд Улсын наадмын гурвын даваанд Архангайн Ч.Буянг, дөрөвт Ювээ начинг давж, тавд улсын аварга Цэрэнд унажээ.

1974 онд урамтай сайхан барилдсан, ид сайн байсан бөгөөд гурвын даваанд Онх начинг, дөрөвт начин Баатаржавыг орхин, тавын даваанд улсын хүчтэй заан Ө.Эрдэнэ-Очирт унажээ.

1975 онд Ардын хувьсгалын 54 жилийн баяр наадмаар гурвын даваанд Говь-Алтайн Нохойцагааныг, дөрвийн даваанд улсын заан У.Пүрэвийг, тавд даян аварга С.Цэрэнг давж, улсын начин цол хүртжээ. Зургаагийн даваанд түүний Х.Баянмөнх аварга амлан авч өвдөг шороодуулжээ. 1976 онд дөрөвт начин О.Пүрэвт ойчжээ. 1979 оны Улсын наадамд дөрөв даваад, тавын даваанд Д.Цэрэнтогтох аваргад тахимаа өгчээ.

Загдаа начин Улсын наадамд 1973, 1974, 1979 онд дөрөв, 1976–1978 онд гурав, 1981, 1985, 1989, 1991 онд тус бүр хоёр давжээ.

Улсын засуулагч Балдангийн Санжаа “Манай Загдаа эр хүний нүдээр харвал сайхан, эм хүний нүдээр харвал гоё залуу байсан юм даа. Барилдахад гоёдож магадгүй гэж хууччуул хэлдэг нь ортой юм билээ. Цөөхөн жил барилдсан гэхэд Улсын цолонд амархан хүрсэн, байгалиас ховорхон төрсөн эр хүн дээ” гэж хуучилсан байдаг.

Загдаа үндэсний бөхөөс гадна чөлөөт, самбо бөхийн спортоор хичээллэж, самбо бөхийн барилдаанаар улсын аваргын алт, мөнгөн медаль авч байсан ба 1976 онд 90 кг-д алтан медаль авч байсан билээ. Загдаа бие хаа сайхантай, бие тэнцүүхэн, өтгөн хар хөмсөгтэй, түвшин сайхантай, хурдан шаламгай барилддаг бөх байлаа. Начны үндсэн мэх сүүлэх, хав дөрвөлжин барьснаас хавирах, этэх, цохих, хаврах, гар тонгороо хийх, гуд татах, мурих мэхтэй. Тэрээр цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн албанд олон жил ажилласан “Хүч” нийгэмлэгийн тамирчин, самбо барилдаанд Улсын аваргад олон жил барилдсан. Сургуульд сурсан бол сайн мэргэжилтэн болох байсан гэж ангийнхан нь ам булаан хэлдэг. Тэр нутгийн охин Доржсүрэнгийн Удвалтай ханилан 3 хүү төрүүлсэн. Тэдний удмаас бөх төрөх нь лавтай. Ухаалаг эгэл, даруу зантай, хөдөлмөрч, ялангуяа малд нүдтэй, мал маллах арга барилыг эцгээсээ тун ч сайн өвлөсөн гэж нутгийн ахмадууд ам сайтай төдийгүй түүнийг ихэд хүндэлдэг.

Энэ хуудас танд хэр таалагдав?