Булган аймаг, Могод сум

Могод сум

МОГОД СУМ

БУЛГАН АЙМАГ · МОНГОЛ УЛС

МэдээЭдийн засагТүүхХүмүүсАялал жуулчлал
Сумын тухай

Хөл Асгатын цогцолбор дурсгал

Тахилгын байгууламж (Түрэгийн үе, МЭ 6–8-р зуун)

Хөл Асгатын цогцолбор дурсгал

Булган аймгийн Могод сумын нутаг Асгатын хөндийд орших, Түрэгийн үеийн (МЭ 6–8-р зуун) зураг, бичээс бүхий тахилын онгон. Хөндийгөөр урсдаг Асгат горхи ил урсаж байснаа газар доогуур шурган, яг энэ дурсгал буй газрын дэргэд дахин гарч ирдэг тул тэр орчныг "Хөл Асгат" гэж нэрлэдэг.

Дурсгал дөрвөн хавтан чулуу ирмэглэн суулгасан, өргөргийн дагуу байрлалтай хоёр хашлагаас бүрдэнэ. Зүүн тийш хандсан хашлаганы дотор гадаргад гурван хүний дүрсийг товойлгон сийлжээ: дунд хүнийг эгц урдаас нь завилан суугаа, хоёр захын хүнийг ташуу сөхрөн суугаа байдалтай дүрсэлсэн бөгөөд гурвуул гозгор оройтой, Түрэгийн дурсгалд элбэг тохиолддог малгайтай, баруун гартаа ваар сав барьсан байна. Доогуур нь хивсэн дээр сууж буйг илэрхийлсэн хээтэй зурвас бий. Хавтангийн зүүн дээд өнцөгт янгир тамга, түүн дээр сууж буй шонхор шувуу, дээгүүр нь нэг мөр руни бичиг сийлжээ; баруун хажуугийн ирмэгт бас нэг мөр руни бичиг бий. Хожим малтлагаар гарсан, мөн хашлаганд хамаарах байж болзошгүй нэг том хавтан чулуун дээр ч янгир тамга, руни бичээс байсан.

Бичээст өгүүлснээр Алтан тамган тархан хийгээд түүний хоёр хүү Торгул, Иелгек нарын нас нөгчсөнд зориулан, Алтан тамган тарханы дүү Текеш Куль-Түдүн гэгч энэ хөшөөг босгосон ажээ.

Дурсгалыг 1891 онд ОХУ-ын эрдэмтэн Н.М.Ядринцев анх нээж судалсан, дараа нь В.В.Радлов, Н.Сэр-Оджав, Л.Болд, Ц.Баттулга, В.Е.Войтов зэрэг эрдэмтэд үргэлжлүүлэн судалсан. Энэхүү дурсгал Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад орсон дурсгалт зүйлсийн бүртгэлд орсон.

Энэ хуудас танд хэр таалагдав?