Шагдар Даариймаа
Born: 1948.01.01 · Булган аймаг Могод сум
Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Шагдарын Даариймаа
Ш.Даариймаа Могод сумын нутаг “Хад” хэмээх газар 1948 онд Шагдарын гэр бүлд төрсөн.
Ш.Даариймаа 1957-1961 онд бага сургуульд, 1961-1964 онд Хишиг-Өндөрийн 7 жилийн дунд сургууль, 1964-1967 онд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1967-1972 онд МУИС-ийн Биологийн ангийг онцсайн дүнтэй төгсөж, биологийн багш, ургамал судлаач мэргэжил эзэмшсэн. 1972-1974 онд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд багш, 1974-1993 онд Шинжлэх Ухааны Академийн Биологи, Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дэд ажилтнаар, 1993 оноос Боловсролын Их Сургуулийн Биологийн тэнхимд багшаар ажиллаж байна.
Ш.Даариймаа Монгол орны ургамлын аймаг, ангилал зүйн судалгааг МОХБИБЭ-ийн ургамлын аймаг судлалын отряд, хуурай хээр нугын суурин судалгааны жилд орж явуулахдаа Монголын бүх нутгийг хамруулан хийж, 50 гаруй ургамлын нэр төрлөөр Монгол, Орос улсын ботаникийн хүрээлэн, Москвагийн Их Сургуулийн ургамлын санг баяжуулжээ. Шарилжийн төрлийн ургамлыг судлан 1991 онд “Монгол орны Шарилжийн төрөл” хэмээх бүтээлээрээ биологийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг хамгаалжээ.
Ш.Даариймаа 2003 онд ЗХУ-ын ШУА-ийн Санкт-Петербургийн хот дахь Ботаникийн хүрээлэнд Шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг гялалзтал хамгаалсан юм. 1995 онд дэд профессор, 2002 онд профессор цол хүртэж, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, залуу үеийн халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан.
Ш.Даариймаа “Монгол орны Шарилжийн төрөл”, “Монгол орны гол гэсэртэн”, “Ургамал таних бичиг”, “Монгол Улсын Улаан ном”, “Ургамал судлалын сурах бичиг”, “Байгалийн бүс бүслүүрт зонхилох ургамлын лавлагаа”, “Монгол орны нэн ховор ургамлын лавлах”, “Биологи 1”, “Биологи”, “Поименные луга северной Монголии часть-1” зэрэг 24 ном, сурах бичиг, гарын авлага, “Монгол орны ургамлын аймаг дахь шинэ олдвор”, “Шавьж идэшт ургамал”, “Сэлэнгэ аймгийн Шаамарын тариалангийн аж ахуйн орчмын ургамлын аймгийн зүйлүүд”, “Хөгнө хааны ургамлын аймаг”, “Хянганы ургамлын аймгийн бүрдэл”, “Монгол орны томоохон овог, төрлийн ургамлын шинж олдвор” зэрэг 76 эрдэм шинжилгээний бүтээлийг дангаараа болон бусадтай хамтран бичиж, тэдгээр нь орос, англи хэл дээр хэвлэгджээ.
Ш.Даариймаа дэлхийн ургамлын аймагт шинэ зүйл, дэд зүйл 5, ангилал зүйн нэгж 12-ыг шинээр бичиж оруулсны дээр нэг нэгжийг шинээр нэмж оруулсан гавьяатай, манай орны ургамлын аймагт 300 зүйл ургамлыг нэмж бүртгэн, хэдэн зуун ургамлын нутаг, ургамлыг нэмж илрүүлсэн түүхэн гавьяатай манай улсын нэрт эрдэмтдийн нэг болой.
Ш.Даариймаа бакалаврын 50 гаруй хүний диплом, магистрын 23 ажил, доктор (Ph.D) 4 удирдаж, олон тооны шинжлэх ухааны (Sc.D) доктор, доктор (Pn.D)-ийн ажилд шүүмж дүгнэлт бичсэний гадна Монгол Улсын ургамал хамгаалах тухай хууль, нэн ховор ургамлыг хамгаалах болон бусад олон төрлийн баримт бичиг боловсруулахад идэвх чармайлттай оролцсон юм.
Нэрт эрдэмтэн, доктор, профессор Ш.Даариймаа нутаг усны нэр төр, хүн ардынхаа алдрыг өндөрт өргөн яваа билээ.
Тэрээр бага, залуудаа тэшүүрийн спортоор хичээллэж, аймаг, сум, их, дээд сургууль, улсын аваргын тэмцээнд оролцож, олон тооны медаль авсан спортын I зэргийн тамирчин.
