Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod

Равдан Лхагвасүрэн

Үндэсний бөх Тамирчин
Эрхт баг

Born: 1948.01.01 · Булган аймаг Могод сум

Монгол Улсын начин Равдангийн Лхагвасүрэн

Могод суманд 1948 онд төрсөн. Эднийхэн удмаараа найранд гурван дугараатай, наадам гурван даваатай хүмүүс юм. Том ах Р.Жигмэддамбаа, удаах ах Р.Цэгмэд нар нь хувиа тавихааргүй барилдчихдаг хүмүүс байв. Цэгмэд нь бие том, ажил хөдөлмөрт сайн, сумын уургаа барих малчин нэг байлаа.

Ах Жигмэддамбаа нь намын дээд сургууль төгссөн, их сэргэлэн цэцэн цэлмэг үгтэй, дайчлагдсан удирдагчийн нэг. Манай аймгийн Тэшиг, Гурванбулаг зэрэг суманд дарга, сум нэгдлийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байсан билээ.

ХААДСургуульд элсэн суралцаж төгссөн. Аймгийн төвийн 10 жил байхдаа аймгийн спорт нийгэмлэгийн зааланд Улсын заан Л.Нямжавын хичээллүүлдэг байсан бөхийн секцэнд байнга хичээллэн, Монгол бөхийн гараа дэвээг сайн сурсан юм.

Монголчуудын түүхэн уламжлалаар бүр хүүхэд байхаасаа барилдаж эхэлсэн. 4-р ангид орох жилээ сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн барилдаанд түрүүлж, 5-р ангид Хишиг-Өндөр сумын 7 жилийн хичээлийн жилийн нээлтийн баярт зориулсан барилдаанд бас түрүүлжээ. Ахлах ангийнхан буюу 6, 7-р ангийнхантай ана мана үзэлцэн, тэднийг хаяж байлаа. Багадаа түүнийг үеийнхэн дотроосоо өсгөлүүн байсан учир “Өндөр” хэмээн нэрлэдэг байжээ.

Дээд сургуульд элсэн орсон намраа тариа хураалтын ажилд явж байгаад шинээр ирсэн оюутнуудыг барилдахад нэг жилийн оюутан Ховдын Мягмар (хожмоо улсын заан болсон)-тай үзүүрт хүрч байсан. Улсын заан Мягмар, Улсын арслан Мөнгөн нартай нэг сургуулийн нэг үеийн оюутан тул гурвуулаа ирж заалны барилдаанд барилддаг байсан. 

Р.Лхагвасүрэн аймгийн арслан цолтой байхдаа 1973 онд гурав даваад, дөрөвт начин Галдандагвад, 1976 онд дөрвийн даваанд арслан П.Дагвасүрэнд, 1977 оны наадмаар гурав даваад, дөрөвт арслан Чойжилсүрэн, 1978 онд дөрвийн даваанд начин Бүрэнзэвсэгт унасан бол, 1980 онд дөрвийн даваанд Даян аварга С.Цэрэнг, тавын даваанд арслан Ө.Эрдэнэ-Очирыг орхиж, начин цол авсан. Зургаагийн даваанд заан Мөнгөнд өвдөг шороодсон.

1979 онд Өвгөнхүү начинтай тавын даваанд барилдаж жаахан будлиан гарсан. Уг нь Лхагвасүрэн хаях шиг болсон. Начин болохоосоо өмнө хоёр ч удаа дөрөв давж байлаа. Ер нь задгай сайхан барилддаг, хоёр талаасаа тэнцүү ноцолддог, баруун сайн тонгорох, сүүлэх мэхтэй бөх байсан.

ХААДС-ийн оюутан ахуй (1968–1973) онд Спортын төв ордон, хоршоолол, хөдөлмөр, нийгэмлэгийн биеийн тамирын танхимуудад 7 хоногийн хагас, бүтэн сайн өдөр болон баярын өдрүүдийн арга хэмжээний үеэр барилдаанууд зохион байгуулдаг байсан. Тэр барилдаанд ХААДС-ийн бөхчүүд байнга орж барилдаж, бөх болон ялангуяа 1968–1970 оны үед ид сайн барилдаж байв. Сургуулиа төгсөөд тэр үеийн ХАА-н материал-техникийн хангамжийн газар ажиллаж ХАА, САА болон бусад аж ахуйн нэгжийн ХАА-н машин техник, трактор, комбайн, үр бордооны захиалга, хуваарь, борлуулалт хариуцан ажиллаж байсан. Энэ үед өөрийн аймаг, сумандаа их тус хүргэж байсан юм. Тэр гудиггүй сайхан Монгол эр хүн байсан ба цагаан цайлган, авьяас төгөлдөр, хөгжим тоглочихно, дуулчихна, ер нь юм юмтай нэгэн байсан бөгөөд тун ч сайхан сэтгэлтэй хүн байв. Могод сумын “Оч” нэгдлийн суурин дээр байгуулагдсан компанийг хоёр жил удирджээ.

How useful was this page?