Жанчив Баасан
Born: 1930.01.10 · Булган аймаг Могод сум
Булган аймгийн Могод сумын 2 багийн нутагт төрсөн. Уг гарал төрөл саданг нарийн хөөж үзвэл Улсын баатар нисгэгч Ч.Шагдарсүрэнтэй сүлбээтэй болно. Багадаа ихэд сэргэлэн, ажилсаг хүмүүстэй тусгай, ах дүү нарын гар хөлийн үзүүрт зардаг, ажил хөдөлмөр сайн сурсан хүмүүсийн хатуу чанга дээрэлхүү занг үл тэвчигч шөрмөслөг залуу явсан гэдэг. Цэргийн алба хааж ирээд нутагтаа ойн цагдаа, өвс хадах морин станц, хадланчин, агтчин буюу морь маллагч, өвс хадах морин станцад бригадын дарга хийж байгаад Архустайн хөдөө аж ахуйн техникүмд трактор, комбайны курсэд суралцан ирээдүйн тариаланч, трактор комбайнчин болох замаа зассан байна.
1955 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйд трактор, комбайнчнаар ажиллажээ. Атар газар эзэмших хөдөлгөөн Монгол оронд ид өрнөж байсан 1960–1961 онд ДТ-54 трактороор зөөлөн га-д шилжүүлснээр 1072–1380 га хагалж, 1960–1962 онуудад тариа хураалтаар СК-3 комбайнаар ажлын 15 хоногт 5001–6211 центнер тариа цайруулж, энэ хугацаанд 10 гаруй мянган литр шатахуун хэмнэн, хариуцсан техникээ арчилж гамтай эдэлж, нэг трактораар их дунд засваргүй 5000 гаруй га хагалж, өндөр бүтээл гаргасны учир (Монгол Улсын Засгийн газрын архив ф-1, т-11, хн-185), 1963 онд “БНМАУ-ын хөдөлмөрийн баатар” цол, “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” медалиар шагнагджээ. Түүнээс хойно ч түүхт ойн медалиуд, “Алтан гадас” одон бусад нэр хүндтэй шагналуудыг олонтаа хүртэж явжээ.
Нас өндөр болсон хойноо ч сангийн аж ахуйдаа механикч, цэнэглэгч машины жолооч, автын жолооч (үйлчилгээний гэрээ), ХАА-н машины инженерээр ажиллаж байсан. Энэ үед ХААДС (Хөдөө аж ахуйн их сургууль)-ийн оюутан, багш нар болон Алтанбулагийн ХАА-н техникум, Баянчандмань сургуульд урилгаар лекц уншиж байжээ. Тэтгэвэрт гараад Улаанбаатарт шилжин ирж 1993 онд таалал төгссөн нь “Алтан өлгий”-д нутаглуулжээ.
Тэрээр хүү, охин хоёр Хишиг-Өндөрийн Цэгмэд жолоочийнхоос өргөж авсан бөгөөд охин нь Цагаантолгойд айл гэр болж, ээжийгээ дэргэдээ авч явна ба хүү Улаанбаатар хотод буй. Түүний гэр бүл Халтар нь Могодын нэртэй сэхээтнүүдийн нэг ХЦХУХ-ны I орлогч даргаар олон жил ажилласан Д.Шаравын төрсөн дүү юм.
