Жамц Баасанжав
Born: 1943.01.01 · Булган аймаг Могод сум
Монгол Улсын Гавьяат багш Жамцын Баасанжав
Жамцын Баасанжав 1943 онд Могод сумын нутагт төрсөн. 1961 онд аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1965 онд МУИС-ийн биологийн ангийг төгсжээ. Төгсч ирээд 1965-1980 онд аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль, I, II 8 жилийн дунд сургуульд багшилж байгаад 1980 оноос Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд биологийн багшаар ажиллаж байна. 40 гаруй жил ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, авьяас төгөлдөр, ухаалаг, сургууль хөдөлмөрч багш юм. Аймаг, хотын (Эрдэнэт) ур чадварын аварга багшаар 3 удаа, тэргүүний заах арга зүйн багшаар 4 удаа, мөн аймаг, хотын хөдөлмөрийн аварга багшаар 2 удаа шалгарч байжээ.
Сурган хүмүүжүүлэх илтгэлүүдээр нь аймагт 7 удаа 1-р байранд шалгарч, 6 удаа 2-р байр эзэлж, Улсад 2 удаа III байр, 2 удаа тусгай шагнал хүртсэнээс үзэхэд үнэхээр чадварлаг нэгэн болох нь харагдана. Улсын олимпиадад 20 шахам жил тасралтгүй оролцож хүрэл медаль авч байжээ. Шавь нараас нь сургуулийн биологийн аварга 90, хот, аймгийн аварга 50 шахам төрөн гарчээ. 25 шавь нь улсын олимпиадад хүч үзэж, I байр 2 удаа, II байр 4 удаа, III байранд 5 удаа шалгарч байсан билээ.
Булган, Эрдэнэт хотыг цэцэрлэгжүүлэх үйлсэд 50 гаруй мянган мод бут тарьж, ургуулсан. 2000 онд улсын биологийн XI олимпиад Эрдэнэт хотод болох үеэр тайлан үзэсгэлэнгээ гаргаж, өөрийн бүтээл болон хамтарч бичсэн “Олимпиадын цуврал” гарын авлагуудаа мэргэжил нэгт нөхдөдөө хүртээн туршлага түгээжээ. Орос хэлнээс олон тооны өгүүлэл, туршлага, оновчтой санал, ажлын арга барил, шинжлэх ухааны ололтоос орчуулж, нийтийн хүртээл болгожээ. Монголын багш нарын IV, VI их хуралдуудад төлөөлөгчөөр оролцож байсан.
Төр, засгаас түүний хөдөлмөрийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнан урамшуулжээ. Ажлын өндөр амжилтыг үнэлж түүнд 2004 онд “Монгол Улсын гавьяат багш” цол хүртээсэн билээ.
Багадаа ээжээсээ өнчирч олон эрэгтэй ах, дүүгээ аавын хамт зүтгэж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн үлэмжийн хөдөлмөрч, үлгэр дууриалал болсон эмэгтэй билээ. Энэ хүн бол мөнөөх Уран Жамцын ганц охин гэдгийг та бүхэн юу эс андах вэ? Тэр их сургууль төгсөж ирсэн залуухан багш Монгол дээлээ маш цэвэрхэн өөртөө тааруулж хийж өмссөн, нарийхан бор охин гартаа ганцхан шохойтой орж ирээд хичээл заагаад гарахад нь шавь нар нь үнэхээрийн бишрэн хоцордог байсан билээ.
