Дамдин Цэдэн
Born: 1936.01.10 · Булган аймаг Могод сум
1950-иад оны дунд үе бол манай орны улс ардын аж ахуйн нийт салбарт мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага нэн чухал болсон онцлог үе байсан. Чухам энэ үед Д.Цэдэн ЗХУ ба Ленинград (одоогийн Санкт Петербург) хотын Ойн техникийн академид 1956–1961 онд суралцан амжилттай төгсөж ойн аж ахуйн инженерийн мэргэжил эзэмшжээ.
1973–1975 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцаж төгсжээ. Д.Цэдэн 1961 оны 7-р сараас тухайн үеийн ХАА-н Яамны ойн хэлтэст инженер, 1982–1986 оноос ой зохион байгуулах экспедицийн даргаар томилогдон ажилласан. Ингэж ажиллах хугацаандаа ойн судалгааны ажилд агаарын гэрэл зураг хэрэглэх аргыг анх удаа нэвтрүүлсэн.
1966–1973 онд Сэлэнгэ аймгийн Ойн аж ахуйн даргаар ажиллах хугацаандаа тус аж ахуйг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн хөл дээр нь зогсоож чаджээ. 1980-аад оны дунд үе гэхэд 8.6 тонн нарсны цэвэр үр бэлтгэдэг болсон нь дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод гаргах боломжийг бүрдүүлжээ. Энэ үедээ Сэлэнгэ аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны бүрэлдэхүүнд сонгогдон үр бүтээлтэй ажиллаж байв.
1975–1976 онд МАХН-ын Төв Хорооны Намын байгуулалтын хэлтэст зохион байгуулагчаар, 1976 оноос Ой модны аж үйлдвэрийн яамны сайдаар томилогдон насан эцэс хүртлээ үр бүтээлтэй ажилласан байна. Ойн модны аж үйлдвэрийн салбарын бүтэц, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн ойн ангийн аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах салбаруудыг нэгтгэн хөл дээр нь зогсооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Сүхбаатарын мод боловсруулах комбинатын шинэчилсэн тоноглол, Дулаанханы мод дамжуулах бааз, Эрдэнэтийн мод бэлтгэх агуулах, Хялганатын мод боловсруулах үйлдвэрийг байгуулан аж ахуйн техник-эдийн засгийн туслалцаатайгаар өргөтгөн шинэчилжээ.
Тухайн үед ямар мод боловсруулах үйлдвэрийг цаашид хөгжүүлэхийн тулд мод хатаах, техник технологийг нэвтрүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. БНСРУ-ын техникийн туслалцаатайгаар мебель картоны комбинат шинээр байгуулж, ажиллагаанд оруулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлжээ.
Д.Цэдэн МАХН-ын XVII, XVIII их хурлаас Төв Хорооны орлогч гишүүн, БНМАУ-ын Их Хурлыг сонгох 8, 9, 10 дахь удаагийн сонгуулиар БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдон нам, ард түмний захиа даалгаврыг нэр төртэй биелүүлж явсан билээ. Д.Цэдэн 1976–1981 онд Монгол-Лаос, 1981–1985 онд Монгол-Румын улсын найрамдлын нийгэмлэгийн даргаар ажиллаж байжээ.
Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж “Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль буюу одон медалиар шагнажээ.
Д.Цэдэн 1958 онд Ленинград хотод оюутан ахуйдаа Л.Навчаатай гэр бүл болж, гурван хүү, нэг охин төрүүлж өсгөсөн. Л.Навчаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан манай нэртэй эмч нарын нэг байв. Түүний хүүхдүүд нь боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн болон хувийн хэвшлийн салбаруудад үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна.
