Могодын айраг
Үйлдвэрлэгч: Могод сумын малчин өрхүүд

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон мянган жилийн түүх уламжлалтай юм. Айраг нь эртнээс нааш монгол угсаатны дунд өв уламжлан хадгалж ирсэн технологи, зан үйлыг шингээсэн өвөрмөц ундаа юм. Гүүний айргийг Монгол Улсаас гадна нүүдэлчин соёлтой Бүгд Найрамдах Казахстан ба Киргиз улс, ОХУ-ын Автономит Башкир болон Халимаг улсад боловсруулан хийдэг байна. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. Ер нь адуун сүрэг сүрьеэ, бруцеллёз, дэлэнгийн үрэвсэл зэрэг саалийн бусад төрлийн малд өргөн тохиолддог өвчнөөр өвчилдөггүй учир сүү шим нь энэ талаар харьцангуй цэвэр гэж үзэж болох юм.
